Followers

Powered by Blogger.



Монгол Улсын Ерөнхийлөгч “Нийтийн биеийн тамир, спортыг хөгжүүлэх тухай” зарлиг гаргасан. Үүнийг манай олимпын аварга Э.Бадар-Ууган, дэлхийн аварга Х.Цагаанбаатар, Монгол Улсын гавъяат тамирчин Б.Наранбаатар нар дэмжиж Дархан хотоос цуврал лекцээ эхлүүлсэн байгаа. БТСГ-аас нийтийн биеийн тамир, спортыг хөгжүүлэх чиглэлээр ямар ажил төлөвлөж байгааг Биеийн тамир, спортын хэлтсийн дарга Ж.Тунгалагаас тодрууллаа.

-Ерөнхийлөгчийн  зарлигын дагуу Монгол Улсын иргэн бүрээс бие бялдрын сорил авч эхэлсэн гэсэн?
-Одоогоор төрийн байгууллагуудаас сорилоо авч эхэлсэн. Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газар, Эрүүл мэндийн яам, Авто тээврийн газар гээд тав зургаан газраас авч дууслаа. Хотод аваад эхэлчихсэн бол, хөдөө орон нутагт сорил хэрхэн авах талаар  зөвлөгөө, аргачлал өгч эхлээд байна.
Гэхдээ сорил аваад л болчихгүй.

Насан туршдаа сорилоороо өөрийгөө  хянах боломжтой. Хүн болгон биеийн тамираар хичээллэж, идэвхтэй хөдөлгөөнийг эрүүл амьдрах хэв маяг, арга барилаа болгон, зөв зохистой хооллох зэрэг бүгд багтана. Ингэснээр ард нийтээрээ эрүүл чийрэг байх, хүүхэд залуучуудыг өв тэгш бие бялдартай болгох, спортоор дамжуулан зан төлөвийн хүмүүжил олгож, архи, тамхи зэрэг хорт зуршлаас хол байлгаж, чөлөөт цагаараа биеийн тамираар хичээллэдэг болгох юм.

-Насан туршдаа сорилын дагуу бие бялдраа хянах боломжтой гэхээр цаашид байнга авна гэсэн үг үү?
-Тийм ээ. Жил бүрийн дөрөвдүгээр сард бие бялдрын сорил авна. Ингэснээр Монгол хүний хөгжлийн, бие бялдрын мэдээллийн сан бүрдүүлнэ. Хамгийн гол зорилго бол монгол үндэстэн эрүүл саруул бие бялдартай байхад л оршиж байгаа юм. Монгол Улс олимпын хоёр ч аваргатай, дэлхийн аваргууд дараалан төрлөө.  Спортоороо бол дэлхийд тэргүүлдэг, танигддаг болчихсон. Тийм учраас одоо Монгол хүн бие бялдар, дундаж наслалтаараа дэлхийд өрсөлддөг болно гэсэн зорилго тавьж байгаа. Хүний бие бялдрын үндсэн таван чанар болох хурд, хүч, уян хатан, тэсвэр, тэнцвэр болон өндөр, жин гээд маш энгийн аргаар тодорхойлно.

Энэ бүх чанар хүнд жигд байх ёстой. Сорил өгөөд яг байх ёстой жиндээ байна уу, илүүдэл жинтэй байна уу, хурдгүй байна уу гэдгээ өөрсдөө мэдээд авчихна. Зөв зохистой хооллоод, идэвхтэй хөдөлгөөнтэй байх л юм бол хүн эрүүл байна. Сорилоор маш олон зүйл тодорхой болно. Хэрвээ удаан сэтгэх юм уу, ямар нэг зүйл мартаад байвал хурдтай холбоотой байх жишээтэй.  Хурд, хүч муу байх юм бол ажлын бүтээмж тааруу байх жишээтэй.

-ОХУ, АНУ-д Ерөнхийлөгчийн нэрэмжит “Бие бялдрын тест” гэж авдаг гэж сонссон. Нийтийн биеийн тамирыг хамгийн сайн хөгжүүлсэн улс гэвэл?
-Финлянд улс нийтийн биеийн тамирыг хамгийн сайн хөгжүүлж үлгэр жишээ болж байгаа. Таргалалтыг эсрэг, халдварт бус өвчингүй орон гэдгээрээ Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын жишээ болсон улс. Голланд гэхэд хүн бүр дугуй¬гаар явдаг. Дугуйгаар явахаар нэг талаараа хүний биед идэвхтэй хөдөлгөөн болж өгнө, нөгөө талаар байгаль орчин, эдийн засагт хэмнэлттэй гээд олон давуу талтай.

-Манай улсад дугуйгаар явъя гэхээр зориулалтын зам байхгүй гээд наад захын бэрхшээлтэй зүйл олон шүү дээ?
-Үнэн л дээ. Манай дугуйгаар явъя гэхээр зориулалтын замгүй, өглөө эртлэн босоод хэдэн минут гүйе гэхээр бас л талбай энэ тэр боломжгүй. Тиймээс эхлээд нийтийн биеийн тамир, хөдөлгөөний талаар иргэдийн ухамсарт нь суулгаж өгмөөр байна. Хөдөлгөөн бол хувь хүнээс л шалтгаална.

-Төр засгаас зарлиг гаргаад орхичихгүй байх. Цаашид хөгжүүлэх тал дээр ямар ажил эхлүүлэх бол?

-Засгийн газраас нийтийн биеийн тамирыг хөгжүүлэхэд анхаарах ёстой. Цаашид олон ч арга хэмжээ авахаар төлөвлөж байгаа. Ганц хоёр жишээ хэлье л дээ. Өглөө бүр тогтмол гүйдэг настай хүмүүс олон байдаг. Энэ хүмүүсийг урамшуулдаг дэмждэг болно. Мөн эрүүл мэндийн даатгал төлчихөөд түүнээсээ хөнгөлөлт эдлэхгүй, эмнэлэгээр явдаггүй хүмүүс цөөнгүй байдаг.

Ийм учраас эрүүл мэндийн даатгалаас эргүүлж мөнгө олгуулах талаар хүртэл ярилцаж байгаа. Яамд өнгөрсөн жилээс эхлэн Засгийн газрын тогтоолын дагуу өөрийн харьяа байгууллагуудыг хамарч нийтийг хамарсан олон ажил ээлжлэн зохион байгуулж байгаа. Одоо дөрөвдүгээр сарыг гэхэд ЭМЯ “Идэвхтэй хөдөлгөөн эрүүл аж төрөх ёс” уриатай, тавдугаар сард Сангийн яам “Эрүүл мэнд гүйлтийг дэмжих сар” уриатай спортын арга хэмжээ зохион байгуулна.

| edit post